Төслийн нэр: Улаанбаатар метро
Төсөл эхэлсэн он: 2024
Метро ашиглалтад орох: 2031 оны 4 дүгээр сар
Замын урт: 19,4 км (15 өртөөтэй)
Зорьсон хүчин чадал: Цагт 17200 зорчигч тээвэрлэж, авто замын ачааллыг 10%-иар бууруулна
Чиглэл: Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд
Төсөв: 2,4 тэрбум америк доллар /Найман их наяд гаруй төгрөг/
Санхүүжилт: Нийслэлийн төсвөөс 15% (358 сая ам.доллар), гадаадын зээл тусламжаар 85% (2 тэрбум ам.доллар)
Метро төслийн захирал: Т.Мөнхдалай

Зургийн тайлбар: УБ хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн илтгэлээс
Засгийн газрын 2023.11.15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр МУ-ын Сайд, УБ хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороон дарга Б.Дэлгэрсайхан болон Хотын захирагч Х.Нямбаатар нарт метроны ТЭЗҮ боловсруулах ажлыг даалгажээ. Ингээд Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар, Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нарын хамтарсан ажлын хэсэг байгуулах тушаал баталсан байна. Ажлын хэсэгт П.Сайнзориг (одоо УИХ-ын гишүүний албыг хашиж буй тэрбээр тухайн үед Нийслэлийн эдийн засаг, дэд бүтэц хариуцсан орлогч байв) нарын хүмүүс оржээ.
Метро барих санхүүжилтийг шийдэхдээ ИБУИНХУ (Их Британи) Засгийн газрын экспорт, зээлийн агентлагтай яриа хэлэлцээ хийхээр болж, ажлын хэсэг байгуулах тушаалыг 2025.3.25-ны өдөр тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан Л.Оюун-Эрдэнэ гаргасан байна.
ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, ТЭЗҮ СУДАЛГАА
Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ нь төсөл хэрэгжихээс өмнө эхэлж, төсөл дуусаж хүлээлгэн өгөх хүртэл үргэлжилнэ.
Зөвлөх үйлчилгээний гэрээг 2024.7.5-ны өдөр БНСУ-ын “Духуа инженеринг ХК ба түншлэл”-тэй (Dohwa Engineering Co.,LTD) байгуулсан. Гэрээний хүрээнд инженер геологи, топографи, гидрологи, материал, байгаль орчин, нийгэм, тээврийн эрэлтийн зэрэг 6 судалгааг хийлгэхээр болсон. Энэ үйлчилгээний төсөв нь 145 тэрбум 911 сая төгрөг.

Хотын дарга Б.Пүрэвдагва 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болсон СОР17 олон улсын хурлын үеэр мэдээлэл өгөхдөө “2024, 2025 онд төслийн ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна” гэж мэдээлэв.
Анх төслийн тендэрт өгсөн үнэ ийнхүү 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн шалтгаан тодорхойгүй байна. Харин Нэгдсэн төслийн удирдлагын газраас “2024, 2025 онд нийслэлийн төсөвт 200 тэрбум төгрөг тавьсан. Одоогоор Духуа инженеринг компанид 30 орчим хувийн санхүүжилтийг олгоод байна” гэж мэдээлсэн юм. Төсөлд тусгахдаа төсөл хэрэгжих хугацаанд Духуа инженеринг компанид зургаан жилийн турш төсвийг хуваарилна гэж байв. Гэтэл эхний хоёр жилд төсвийг 200 тэрбум төгрөгөөр суулгасан нь сонирхолтой.
Бид БНСУ-ын Dohwa Engineering Co.,LTD албан ёсны вэбсайт руу ороход Улаанбаатар метро төсөлтэй холбоотой мэдээлэл олдсонгүй. Харин Баянголын аманд баригдах түрээсийн орон сууцны төслийн зургийн ажлыг 2020 онд гүйцэтгэсэн гэх мэдээлэл илэрсэн юм.

Тендэрт оролцогч олон улсын байгууллагууд тендэрт ялсныхаа дараа суурин төлөөлөгчийн газраа байгуулдаг. “Духуа инженеринг” компани 2024.8.12-нд Монгол Улсад “Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар”-ын үйл ажиллагаа явуулахаар байгуулагджээ.

Тус компанийн оролцож байсан тендэрийн түүх:

2025.1.20-нд “Духуа инженеринг ХК ба түншлэл” ТЭЗҮ-г боловсруулж дуусгасан бөгөөд хийсэн судалгаануудыг товчлолыг ЭНД ДАРЖ унших боломжтой.
2025.3.25-нд НИТХ-аас Улаанбаатар метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжив.
МЕТРО БАРЬЖ БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ
Метро нь маш өндөр өртөгтэй, нарийн технологи шаардсан төсөл тул түүнийг барьж байгуулах ажлыг хоёр багц ажилд хувааж, тендэр зарласан.
I БАГЦ: Энэ багцад Толгойтоос эхлээд хотын төв хүртэлх 12.8 км үндсэн туннель, эхний 10 өртөөболон метроны депог (вагоны зогсоол, засварын төв) барих ажлыг газар дээр нь гардан гүйцэтгэнэ. Энэ багцын тендэрийн шалгаруулалт нь хоёр үе шаттай үргэлжлэх юм. Эхний үе шатанд зургаан улс орны 27 компани оролцсон бөгөөд, II үе шатанд энэ компаниудаас шаардлага хангасан компаниуд оролцох юм. Тендэр энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр нээнэ.
Метроны нэгдүгээр шугамын төсөвт өртөг 2.4 тэрбум ам.доллар буюу 7 орчим их наяд төгрөг. Үүний 97.7 хувь нь бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах бол үлдсэн хувь нь захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт зэрэг бусад ажилд зарцуулагдах байна.
Метроны нэгдүгээр шугамын голчлон газар доогуур хийхтэй холбоотойгоор туннель болон өртөөний барилга угсралтын доороос дээш ухах, хучих аргачлалаар хийнэ. Нийт 15 өртөөтэй байх бөгөөд үүний 14 нь газар доогуур байрлах юм. Туннел өрөмдлөгийн машины газрын гүнд суух түвшин 10-25 метр байхаар тооцсон байна.
II БАГЦ: Энэ багцад төв хэсгээс цааш үргэлжлэх 6.6 км шугам, үлдсэн 5 өртөөг барихаас гадна нийт метроны систем (дохиолол холбоо, цахилгаан станц, галт тэрэг нийлүүлэлт)-ийг хариуцаж ажиллана.
Эхний багцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг үзэглэсний дараа хоёрдугаар багцын олон улсын тендэрийг нээх ажээ.
Метро 2031 оны дөрөвдүгээр сараас нийтийн тээвэрт зорчиж эхлэх төлөвлөгөөтэй. Метрогоор зорчих тасалбарын үнийг 1250-2000 төгрөгийн хооронд байхаар тооцоолжээ.
Одоогийн байдлаар Улаанбаатар метро төслийн захирлаар ажиллаж байсан Т.Мөнхдалайг Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. Түүнийг хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх эрсдэлтэй хэмээн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?
Улаанбаатар метро төслийн санхүүжилт 2030 он хүртэл 8 их наяд гаруй төгрөгийг зарцуулаад зогсохгүй, метроны ашиглалт, үйл ажиллагааны зардал цаашид үргэлжилсээр байх болно. Үүнийг тооцоолохдоо,
- · 2040 онд 12 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авахаар (метроны орлогоос санхүүжүүлнэ),
- · 2049 онд барилга байгууламжуудыг шинэчлэхэд 310-400 сая доллар,
- · 2054 онд мөн орлогоороо санхүүжүүлэн парк шинэчлэлт хийнэ гэж тус тус тусгажээ.



