Мега-Засаг

Мега төслийг мэдэх эрх: Газрын тосны үйлдвэр

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд "Мега төслийг мэдэх эрх" төслийг хэрэгжүүлж байна.

О.Ариунбилэг·

Хотын гудамжинд том ханын зураг

Төслийн нэр: “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих”

Эхэлсэн он: 2016.4.28

Үйлдвэрийн байрлал: Дорноговь аймгийн Алтанширээ суманд 150 га газрыг хамардаг

Зорьсон хүчин чадал: Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулж, 1,3 сая тонн орчим эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээнийхээ 55%-ийг хангах.

Түүхий тосны ашиглалтын баталгаат нөөц: 35 сая/тн (2019 оны байдлаар)

Төсөв: 1,7 тэрбум доллар (Энэтхэг улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл), түүхий тос дамжуулах хоолой барих БНХАУ-ын 380 сая долларын зээл (нүүрсээр буцаан төлөх нөхцөлтэй)

Ажилтны тоо: 2026 оны байдлаар 4500

Үйлдвэр барих ажлын явц: 2026 оны байдлаар 60%

Ашиглалт оруулах он: 2028

ТӨСЛИЙН БҮТЭЦ

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Engineering, Procurement, Construction (EPC), түүхий тос дамжуулах хоолой гэсэн үндсэн 4 багцаас бүрдэнэ.Дамжуулах хоолой нь тусдаа төсөл болдог.Бүтцийг нарийвчилбал:

1. Үндсэн технологийн бус багц ажлууд (EPC-1):

  • Төсөв: 97,8 сая ам.доллар
  • Гүйцэтгэгч: БНЭУ-ын “Kalpataru Projects International Limited” компани (сурв: толгой компанитайгаа нэгдсэн тул компанийн нэр өөрчлөгдсөн) нь 2021 оны 01-р сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
  • Бүтэц: Тус ажлын хүрээнд иргэний 9 барилга, усны шугам хоолой, ЦДАШ, дэд станц, нөөцийн резервуар бүхий ус хангамжийн систем, үйлдвэрийн талбайд цахилгаан, холбооны кабель болон технологийн шугам хоолой нэвтрэх 440 сувагчлал, 35 км ус зайлуулах систем, 17,5 км автозам зэрэг талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
  • Явц: Ажил 100% дуусаж, монголын тал 2024 онд хүлээн авч, ашиглаж байна.

2. Анхдагч технологийн болон хэрэглээний дагалдах байгууламжууд (EPC-2)

  • Төсөв: 598 сая ам.доллар
  • Гүйцэтгэгч: Энэтхэгийн Megha Engineering and Infrastructures Limited (MEIL) компани. Байгууламжуудын нарийвчилсан зураг төслийн ажлыг Испанийн “Intecsa” компани. Ажлын гүйцэтгэлийн гэрээг 2022 оны 10 дугаар сард байгуулсан.
  • Бүтэц: Энэ ажлын хүрээнд Атмосфер ба Вакуум нэрлэгийн байгууламж, Хий ялгах зэрэг үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд баригдана. Мөн дагалдах, туслах, хангамжийн бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 42 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдана.
  • Явц: 2026 оны мэдээллээр 67,1%

3. Үйлдвэрийн Дулаанцы цахилгаан станц (EPC-3)

  • ·      Төсөв: 189 сая ам.доллар
  • Гүйцэтгэгч: Энэтхэгийн Megha Engineering and Infrastructures Limited (MEIL) компани. 2022 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан.
  • Бүтэц: Үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангах 35 МВт хүчин чадалтай, шингэн түлшээр ажиллах Дулааны цахилгаан станц баригдана.
  • Явц: 2026 оны мэдээллээр 55%

4. Гүн боловсруулалтын лицензит технологийн байгууламжууд (EPC-4)

  • Төсөв: 648 сая ам.доллар
  • Гүйцэтгэгч: Энэтхэгийн Megha Engineering and Infrastructures Limited (MEIL) компанитай 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан. 38 сарын хугацаанд барьж дуусгах зорилттой.
  • Бүтэц: Төслийн хамгийн гол, нарийн технологийн хэсэг. Үүнд устөрөгчийн үйлдвэр, хүхэр ялгах байгууламж, Бензин боловсруулах байгууламж, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжууд, Висбрекинг зэрэг орно. Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын технологийн лицензээр барьж байгуулна. Эдгээр компаниуд ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц ажил (BDEP)-ыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

2026 оны байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нийт явц 60 орчим хувийн гүйцэтгэлтэйгээр 24 цагийн гурван ээлжээр үргэлжилж байна гэж Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 8 сард мэдээлсэн.

5. Түүхий тос дамжуулах хоолой

  • Төсөв: 380 сая ам.доллар
  • Гүйцэтгэгч: БНХАУ-ын "Нооринка интернэшнл Кооперэшн"  компани. Ажлыг 2023 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
  • Бүтэц: Дорнод аймгийн тамсагийн сав газраас (Тосон уул XIX, Матад XXI талбай) Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл үргэлжлэх 527 километр урттай дамжуулах хоолой. Түүхий тосыг халаах, өргөх дэд станцууд, түүхий тосны агуулах сав, резервуаруудтай. Уг дамжуулах хоолой нь Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн 3 аймгийн 9 сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч, газрын гүнд 1.5–2 метрийн гүнд суурилуулагдана. Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой юм.
  • Гүйцэтгэл: 90% (2026 оны 8 сарын байдлаар)

ТӨСЛИЙН НИЙТ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОН ЦАГИЙН ДАРААЛАЛ

2015 оны 5 сар: Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр Монголын анхны дотоодын үйлдвэрийг барих засгийн газар хоорондын албан ёсны тохиролцоо хийгдэв. Монгол Улсын хөгжлийн төсөлд зориулан 1 тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэв.

2016 он: Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

2016.4.18: Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулав. Хэлэлцээрт төслийн үндсэн гэрээлэгч болон ерөнхий гүйцэтгэгчдийг Энэтхэг улсад бүртгэлтэй компаниудаас сонгохоор заажээ. 

2017 он: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгууллаа.
 
 

2018.6.22: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх нар шав тавих ёслол үйлдэв.

2018.11 сар: Үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг БНЭУ-ын төрийн өмчит “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа.

2019.2.12: Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөхөөр БНЭУ-ын “Инженерс Индиа  Лимитэд “ компани ажиллаж, манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулахаар болов.

2019.10.8: Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авлаа. Гаднах дэд бүтэц гэдэгт 27км төмөр зам, 17,2 км   хүнд даацын авто зам, 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам татаж дууссаныг тооцов.

2019.10.8,9: Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг гаргахаар болж, 9-ний өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Энэтхэг улсын Эксим банкыг төлөөлж тус банкны Ерөнхий захирал Сри Сараож Күнтиа нар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

2021.1.29: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталлаа.  https://legalinfo.mn/mn/detail?lawId=16160842241091 Хуулиар газрын тос боловсруулах үйлдвэр нь төрийн өмчит байхаар мөн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр тусгасан нь онцлог зохицуулалт болсон. Энэ үеэр 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн үйлдвэрийг 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулах болсон талаар мэдээлэл цацагдав.

2022 он: БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлэв. Үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Дамжуулах хоолой 2.8-3 метрийн гүнд байрлана. https://gogo.mn/r/g7k89 БНХАУ-ын талаас энэхүү бүтээн байгуулалтыг монголын тал нүүрсээр 100% буцаан төлөх нөхцөлтэйгээр барьж байна.

2026.5.22: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аас баталлаа. Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуулиар жил бүрийн улсын төсөвт Засгийн газрын авч ашиглах гадаад зээлийн дээд хэмжээ (тааз), төсвийн алдагдлын хувь хэмжээг хатуу зааж өгдөг. Газрын тосны үйлдвэрийн өртөг анхны 1.236 тэрбумаас 1.7 тэрбум ам.доллар болж өсөхөд жил бүрийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээлийн хэмжээнээс давж, төсөл санхүүжилтгүй гацах эрсдэл үүсэж байв. УИХ-аас Гадаад зээлийн тусгай зохицуулалтын хуулиудыг баталснаар, Газрын тос боловсруулах үйлдвэр шиг стратегийн мега төслүүдийн гадаад зээлийн ашиглалтын зардлыг тухайн жилийн төсвийн нийт зарлага, алдагдлын хязгаарлалтад тодорхой хугацаанд хамааруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр төсвийн хуулийг зөрчихгүйгээр Энэтхэгийн Экзим банкнаас нэмэлт 423-462 сая ам.долларын зээлийг авч, EPC-04 гэрээг батлах боломж бүрдсэн.

АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШИЛСОН БАЙДАЛ

2018.10.16: Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрийн явцтай танилцах үеэр ерөнхий инженер Д.Алтанцэцэг “2023 оны эхний хагаст үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдээлэв.

2021.7 сар: Ковидын улмаас үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа хойшилж, 2025 онд ашиглалтад орно гэж Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээлэв.

2025.1.30: Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орох үеэрээ Гарзын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно гэж мэдээлэв. EPC 02 болон 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хэт өндөр үнийн санал ирснээс тендерүүдийг цуцалж, дахин эхнээс нь зарласан нь багадаа 1 жилийн хугацаа алдахад нөлөөлсөн гэв. Мөн Энэтхэгийн Засгийн газар нэмэлт зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах хүртэл 1 жилийн хугацаа орж, уг шийдвэр гарсны дараа EPC 04 багц ажлын гэрээ байгуулагдах нөхцөл үүссэнийг тэмдэглэв.

2025.11.1: Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве  үйлдвэрийг 2027 оны 12 сард ашиглалтад оруулна хэмээн үйлдвэрийн явцтай танилцах үеэрээ мэдээлэв. Евро5 стандартын түлш гаргана гэв. 

Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны сүүлээр дуусгаж, 2028 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

ТӨСӨВТ ӨРТӨГ

Өмнө өгүүлсэн 4 багц ажлын нийт өртөг 1,7 тэрбум ам.доллар болно. Төсөл анх 1,2 тэрбум доллар байхаар эхэлсэн боловч ковидын улмаас хойшилсон, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зарим ажлын гацалт зэргээс шалтгаалж төсөв нэмэгдсэн гэж төслийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн. Мөн энэ төслийн үнэд түүхий тос дамжуулах хоолойн 380 сая доллар багтахгүй бөгөөд тусдаа тооцогдох юм. Үүний санхүүжилтийг монголын талаас нүүрсээр төлөхөөр тохиролцсон болно.

Он цагийн дарааллаар харуулвал:

2016 он: Нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк хооронд байгуулсан. Тухайн үед гаргасан ТЭЗҮ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д нэг тэрбум 236 сая ам.доллартой тэнцэх санхүүжилт шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг шийдвэрлүүлэхээр зээлийн хэлэлцээрийг 2019 оны аравдугаар сард байгуулсан. https://ubn.mn/p/49326

2023.9.13: Засгийн газрын хуралдаанаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас EPC-04 багц ажлын төсөвт өртөг болох 236 сая ам.доллар нь тендерийн явцад 422.0 орчим сая ам.доллароор нэмэгдэж нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн 3 байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгажээ.

2021.7.30: Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн1.2 тэрбум ам.долларын  санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд ... https://news.mn/r/2457908/

Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

ТӨСЛИЙН УДИРДЛАГА

Гүйцэтгэх захирал: Д.Алтанцэцэг

ТУЗ-ийн дарга: Б.Гэрлээ “Эрдэнэс Монгол” ХХК, Хууль, эрхзүйн газрын ахлах менежер

ТУЗ-ийн гишүүд:

  • Ч.Хишигдалай (Төрийн төлөөлийг хэрэгжүүлэгч гишүүн. АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга)
  • П.Сарангэрэл (Төрийн төлөөлийг хэрэгжүүлэгч гишүүн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар- Хүний нөөцийн хэлтсийн дарга)
  • Б.Цэвэгжав (Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн)
  • Б.Эрдэнэбаатар (Анд хайрхан ХХК, менежер)
  • Г.Отгонбаяр (Сангийн яам, Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газар, ахлах шинжээч)
  • Т.Очирхүү (АХБ-ны Төрийн өмчит компанийн шинэчлэл төслийн үндэсний зөвлөх)
  • Б.Мөнх-Эрдэнэ (ЭЗХЯ, Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга)
  • Б.Цэрэнсодном (ЭЗХЯ-ны харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн албаны дарга)

Эх сурвалж: "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК, УИХ Тамгын газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг.

Холбоос хуулагдлаа